Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөж чадаагүй зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэ өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна. Ингэхдээ Богд Хан уул, Цэцэрлэг Мандалын аймгуудаас таслан зохион байгуулсан байна. Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай.
Газар зүй
Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.
Өмнөговь аймагт 12 төрлийн ашигт малтмалын 71 орд, 185 орчим илрэл тэмдэглэгджээ. Орон нутагт ашигт малтмалын хайгуул судалгаа, олборлолтын үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчдын тоо 1997 оноос хойш тасралтгүй өссөөр ирсэн. 2012 оны байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 520 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 57 нь ашиглалтын, 463 нь хайгуулын зөвшөөрөл байгаа ба эдгээрийг 186 гаруй аж ахуй нэгж эзэмшиж байна.
Уур амьсгал
Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20°С-ээс -30°С хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд 30-38°С хүртэл халдаг, салхины хурд 5-15 м/сек, заримдаа 34-45 м/сек хүрдэг.
Ургамал, амьтан
Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана. Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
Онцлог газрууд
Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.
Мэдээллийн эх сурвалж: http://www.omnogovi.gov.mn