Categories
reports

АЙМГУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН

Төвийн зүгээс ХБНГУ-ын Конрад Аденауэрын сантай хамтран Аймгуудын өрсөлдөх чадварыг цаашид хэрхэн сайжруулах талаар хэлэлцэхээр “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг 2014 оны 10 дугаар сарын 8-9 нд зохион байгуулав. Чуулганд 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, болон МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимуудын дарга нар зэрэг орон нутгийн шийдвэр гаргагчдын 60 гаруй төлөөлөл оролцож санал бодлоо солилцов.

Categories
reports

ЗҮҮН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН

Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулганы хэлэлцүүлгээс цаашид хийж хэрэгжүүлэх хэд хэдэн ажлын төлөвлөгөөнүүдийн томоохон нэг нь зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2015 байсан билээ.

“Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2015 – Хөгжлийн төлөөх түншлэл” арга хэмжээг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан ХБНГУ-ын Конрад- Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр 2015 оны 10-р сарын 8,9-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгууллаа.

Тус чуулга уулзалтын зорилго нь зүүн бүсийн аймгууд өрсөлдөх чадварын давуу талаа ашиглан хөгжлийн тулгуур салбаруудыг хэрхэн хамтран хөгжүүлж жишиг бүс болох талаар хэлэлцэхэд оршино.

Энэхүү арга хэмжээ нь чуулга уулзалт болон орон нутгийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд зүүн гурван аймгууд болох Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгууд болон Улаанбаатар хотоос нийт 140 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.

Categories
reports

ГОВИЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН

Жил бүр эрхлэн гаргадаг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнд тулгуурлан ЭЗБӨЧСТ-өөс санаачлан аймаг, бүсийн өрсөлдөх чадварыг аймгийн засаг захиргаа, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж ирсээр өдгөө 3 дахь жилдээ говийн бүсэд болж өнгөрлөө.

“Говийн бүсийн чуулган 2016 – Нэг Говь нэг зорилго” арга хэмжээг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан ХБНГУ-ын Конрад- Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр 2016 оны 11-р сарын 3,4-ний өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгууллаа.

Тус чуулганаар говийн бүсийн аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл болон нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд гурван аймгийн засаг дарга тус бүр өөрсдийн аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулав. Мөн чуулганы үеэр гурван аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон үзэсгэлэн худалдаа болон МҮХАҮТ-ын нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдаж говийн бүсийн гурван аймгууд болох Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хотоос нийт 120 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.

Categories
reports

ХАНГАЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “Конрад-Аденауэр-Сан”8 Хөвсгөл аймгийн ЗДТГ болон МҮХАҮТ хамтран “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган чуулган 2017”-г Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2017 оны 10-р сарын 12-13-ны хооронд зохион байгуулагдав. 

Чуулга уулзалтад Хангайн бүсийн Хөвсгөл, Булган, Орхон, Өвөрхангай, Архангай, Баянхонгор зэрэг зургаан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцсоноос гадна Улаанбаатар хотоос ЗГХЭГ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Зээлийн батлан даалтын сан, МҮХАҮТ, Азийн сан, Монголын аялал жуулчлалын холбоо, болон бизнесийн байгууллагуудын 160 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Чуулганы хүрээнд “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо-Бүсчилсэн хөгжил”, “Хангайн бүсийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн ЖДҮ-ийг хөгжүүлэх нь”, “Хангайн бүсийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь” зэрэг үндсэн дөрвөн хэлэлцүүлэг өрнүүлсэн бол чуулганы хоёр дахь өдөр “Хангайн бүсийн хамтын ажиллагаа, цаашдын алхам” хэлэлцүүлгээр оролцогч аймгууд салбарын бодлогыг бүсийн хэмжээнд хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсоноор чуулган өндөрлөв. 

Мөн чуулганы үеэр Хангайн бүсийн бизнес эрхлэгчид цуглан Мөрөн хот дахь Чингүнжавын талбайд “Намрын ногоон өдөр” үзэсгэлэн худалдаанд оролцов.

Categories
reports

ТӨВИЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, “Конрад-Аденауэр-Сан”, Дархан-Уул аймгийн ЗДТГ, МҮХАҮТхамтран“Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018- Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” арга хэмжээг 2018 оны 10-р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулав.

Тус чуулга уулзалтад Төвийн бүсийн Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг 4 аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох албаны хүмүүс оролцож, Улаанбаатар хотоос Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам болон төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын 130 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Чуулганаар “Төвийн бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл, төсөл хөтөлбөрүүд”, “Гадаад зах зээл дээр гарах боломж”, “Хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжууд”, “Чанартай боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” зэргээр хэлэлцүүлгүүд өрнүүлж, салбарын бодлогыг бүсийн хэмжээнд хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар хуралдав.

Categories
reports

БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 2012 оноос “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа”-г бэлтгэж, 2014 оноос өрсөлдөх чадварын чуулган зохион байгуулж байна.

2014 онд “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”

2015 онд “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”

2016 онд “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”

2017 онд “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”

2018 онд “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-уудыг зохион байгуулж байсан.

2019 оны 10-р сарын 23-нд “Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган” арга хэмжээг “Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” уриан дор  Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулав. Өмнөх өрсөлдөх чадварын чуулгануудын адил “Конрад-Аденауэр сан” болон чуулган зохион байгуулагдсан аймаг буюу Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ховд аймаг дахь салбар танхим хамтран зохион байгуулсан юм. Чуулга уулзалтад баруун бүсийн аймгууд болох Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс болон Ховд аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон холбогдох албаны хүмүүсээс гадна Улаанбаатар хотоос Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сан зэрэг байгууллагууд оролцсон.

Чуулга уулзалтын хүрээнд “Баруун бүс нутгийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй болон төлөвлөгдөж буй төсөл хөтөлбөрүүд”, “Баруун бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам”, “Баруун бүсийн аялал жуулчлал ба ногоон хөгжил”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил”, “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд” гэх таван хэлэлцүүлэг өрнүүлж, бодлогыг бүсийн хэмжээнд хэрхэн уялдуулж хамтран ажиллах талаар хуралдав. Мөн чуулганы үеэр Баруун бүсийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.