Categories
mountain

Архангай

Архангай

Архангай аймаг нь 1923 онд “Цэцэрлэг Мандал уулын аймаг” нэртэй байгуулагдаж 1931 оноос Архангай аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Архангай аймгийн төв Цэцэрлэг хот /Эрдэнэбулган сум/ нь Улаанбаатар хотоос 480 км зайтай оршдог. Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 метр өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.

Газар зүй

Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно.Ойн хүрэн хөрстэй.

Уур амьсгал

Цэцэрлэг хотод агаарын дундаж температур 0.1°С бөгөөд, өвөл 1-р сард -15.6°С хэм хүйтэн, зун 7-р сард 14.7°С хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.

Ургамал, амьтан

Хангайн нуруунд аргаль угалз, янгир ямаа, ирвэс, шилүүс, ой хөвч нутгаар бор гөрөөс, буга, согоо, гахай, хүдэр, дорго, зээх, хэрэм, бүх нутгаар тарвага, үнэг, чоно, мануул, хярс, туулай, чандага, жирх, солонго, цагаан үен, зурам зэрэг ан амьтад оршино. Мөн алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, олон янзын дэгд зэрэг 200 шахам нэр төрлийн эмийн ургамал, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт ургадаг. Зуны улиралд жамьянмядаг, сэржмядаг, яргуй, удвал, улаалзай, алтан зул, намуу, сарнай, цээний ягаан, цагаан лавай, бэр цэцэг, багваахай цэцэг өнгө жигдэрч байх нь үзэж ханашгүй сонин байдаг билээ.

Онцлог газрууд

Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд ӨгийТэрхийн цагаан зэрэг нуур болон ХоргоТайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг.

Архангайн нутагт эмчилгээ сувиллын ач холбогдолтой Ноён хангай, Чулуут, Шивэртэй, Бор тал, Цэнхэр, Цагаан сүм, Хадат, Бэлх, Хан өндөр, Бумбат хайрхан, Алтан овоо, Мухар хужирт, Гялаан, Ангархай, Ороох, Цүүр, Бор бургас зэрэг 40 гаруй халуун хүйтэн рашаан, рашаан төст булагууд бий.

Эх сурвалж:  http://arkhangai.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki/

Categories
mountain

Баянхонгор

Баянхонгор аймаг нь БНМАУ-ын Бага Хурлын 1941 оны арванхоёр дугаар сарын 11-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 112 баг, 11.8 мянган өрх, 41.8 мянган хүнтэй байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлдэг томоохон аймгуудын нэг юм. Аймгийн төв Баянхонгор хот нь Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог.

Газар зүй

Тус аймгийн нутаг дэвсгэр Монгол орны алтай, хангай, говь, цөл, тал хээр бүхий газар зүйн 4 муж, байгалийн 3 бүс, цаг агаарын 2 бүсийг хамардагаараа онцлогтой. Баянхонгор аймаг нь Сибирийн их тайгаас төв Азийн говь цөлд шилжих бүсэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун төв хэсэгт байрладаг. Аймаг нь Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудтай нутаг залган БНХАУ-тай 140 км нутгаар хиллэдэг. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны өмнө талын тэгш өндөрлөг болон ойт хээр, дунд хэсгээрээ их нууруудын хотгорын төгсгөл болон тал хээр, өмнөд хэсгээрээ Алтайн цаад говийн цөлөрхөг бүсэд хамрагддаг. Ихэнх нутаг нь далайн түвшнээс дээш 1000-1400 м өргөгдсөн боловч хамгийн нам дор газар болох Эхийн гол 720 м, хамгийн өндөр Их Богд уул 3957 метрт өргөгдсөн юм.

Уур амьсгал

Баянхонгор аймаг нь хөрс цаг уурын олон бичил мужид хуваагддаг. Нутгаар нь дэлхийн усан хагалбарын шугам дайрч өнгөрсөн, нар салхины эрчим хүчний нөөц сайтай, умардын хүйтэн чийглэг уур амьсгалаас өмнөдын хэт хуурайд шилжих явцад үүссэн эрс тэс уур амьсгалтай. Агаарын температур нь хүйтний улиралд дунджаар -18 С-аас 30°С хэм хүйтэн, дулааны улиралд 15-27°С хэм дулаан байдаг. Жилд дунджаар 216.3 мм тунадас унана. Агаарын даралтын дундаж нь 1 сард 812 мм, 7 сард 808.5 мм байна. Салхины хурд жилийн дундажаар 3.1 м/с бөгөөд хамгийн их салхитай, 5 сард 3.9 м/с хүрнэ.

Ургамал, амьтан

Нутгийн хойд хэсэгт ойт хээрийн ургамал, дунд ба урд хэсгээр нь хээрийн болон говийн ургамал тархжээ. Гоёо, цулхир, вансэмбэрүү, лидэр, алтан гагнуур зэрэг ховор ургамал бий. Баянхонгор аймгийн нутагт манай орны байгалийн энэ гурван бүсэд оршдог амьтад тарвага, үнэг, чоно, ирвэс, аргаль, бор гөрөөс гээд бараг цөм байх бөгөөд дэлхийд нэн ховордсон мазаалай гэх амьтан цөөн тоогоор оршиж байна.

Онцлог газрууд

Зээрэнгийн хөндий, Номингийн говь зэрэг Алтайн өврийн их говиуд бий. Говь-Алтайн ууланд 1957 онд газар хүчтэй хөдөлж, Ихбогд, Баянцагааны араар 300 орчим км үргэлжилсэн их хагархай гарсан юм. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрдтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрдэг халуунтай ШаргалжуутҮхэг, Хүрэмт, Халиут, Өргөөтийн рашаан зэрэг олон сайн рашаанууд бий.

Эх сурвалж: http://www.bayankhongor.gov.mn/index.php?pid=28

https://mn.wikipedia.org/wiki

Categories
mountain

Булган

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ хоёр аймаг болгон тусгаарлан байгуулжээ. Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12 сарын 27-ны өдрийн 241-р тушаалаар Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, 1,1 сая малтай, 42250 хавтгай дөрвөлжин км нутагтай байгуулж, Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сум, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт сум, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулан захируулах болжээ. Мөн 1938 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сумыг Булган аймагт шилжүүлжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1961 онд Булган аймгийн төвийг Булган хот болгож, хотын захиргаа байгуулжээ. Булган аймгийн төв Булган хот нь Улаанбаатар хотоос 318 км зайтай оршдог.

Газар зүй

Булган хот далайн түвшинээс 1210 м өндөрт өргөгдсөн, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 360 км, Төв аймгийн төв Зуун мод хотоос 340 км, Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 330 км, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 330 км, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 360 км зайд, дөрвөн замын уулзварт байдаг. Аймгийн нийт талбайн 70.0 хувь нь ХАА-н эдэлбэр газар үүнээс 2.4 хувь тариалангийн газар, 2.3 хувь нь хадлангийн, 58.5 хувь бэлчээрийн, 28.7 хувь ой, 0.5 хувь усан талбай, 2 хувь нь тусгай хэрэгцээний болон нөөцийн газар болно.

Уур амьсгал

Уур амьсгал нь эх газрын, эрс тэс сэрүүвтэр чийглэг, үнэмлэхүй дулаан 34.8°С хэм, үнэмлэхүй хүйтэн -44.1°С хэм, жилийн дундаж тундас 324 мм боловч зарим жил 500 мм-ээс дээш ч байдаг. Салхины дундаж хурд 2.2 м/сек, цасан бүрхүүлийн дундаж зузаан 15-25 см байдаг.

Ургамал, амьтан

Гол мөрөн нуур цөөрөмд тул, хэлтэг алгана, цурхай, гутиар зэрэг төрөл бүрийн загас элбэг байдаг. Мөн хун, ангир, галуу, нугас, тоодог, цэн тогоруу, өрөвтас, халбаган хошуут зэрэг жигүүртэн шувуудтай. Төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн ургамалтай. Хуш, хус, хар мод, улиас, нарс, бургас, хайлаас, яшил, яргай, чаргай зэрэг шилмүүст ба навчит модтой.

Хандгай, буга, баавгай, үнэг, чоно, булга, суусар, хэрэм, жирх, ирвэс, шилүүс, хүдэр, үеэн, мануул, чандага зэрэг амьтан, тас, бүргэд, ёл, хур, сойр, улаан хошуут, турлиах, ятуу, сар, шувуу зэрэг шувууд, тал хээрт үнэг, хярс, тарвага, зурам, өмхий хүрэн зэрэг амьтад элбэг.

Онцлог газрууд

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Уран тогоо уул, Баян-Агт сумын төвөөс урагш 30-аад км зайд Хануй голын хойд талд Шивээт улаан хэмээх цогцолбор, Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай байдаг Хар бухын балгас, “Чин толгой” эртний хотын туйр гэх мэт түүхэн дурсгалт газрууд, олон тооны рашаан сувиллын газруудтай.

Эх сурвалж: http://www.bulgan.gov.mn/home/hd/index.php?pid=79

https://mn.wikipedia.org/wiki

Categories
mountain

Орхон

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн. Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ. Орхон аймаг нь Баян-Өндөр, Жаргалант гэсэн 2 сумтай, тэдгээр нь 22 багтай.

Газар зүй

Орхон аймаг нь Монгол улсын төв хойд хэсэгт оршдог бөгөөд Сэлэнгэ, Булган аймагтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1200 метрт өргөгдсөн. Нийт нутаг дэвсгэрийн 50.2 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 25.1 мянган га нь хот, тосгоны суурин газар, 24.7 мянган га нь ойн сан юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм.

Уур амьсгал

Эрс тэс уур амьсгалтай бөгөөд өвөлдөө -20°С хэм хүйтэрч, зундаа 30°С хэм хүртэл халдаг. Жилийн дундаж температур нь 0.8°С хэм, хур тунадас ихтэй, жилийн 371.8 мм тунадас унадаг. Дөрөв, тавдугаар сард хамгийн их салхитай, нэгдүгээр сард хамгийн хүйтэн, долдугаар сард хамгийн халуун байдаг.

Онцлог

Баян-Өндөр сум нь засаг захиргааны 21 нэгжтэй, нийт 87837 мянган хүн амтай, 41056 мянган толгой малтай. Хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргаа бүтцээрээ Монгол улсын хамгийн том сум юм. Орхон аймгийн эдийн засгийн голлох салбар нь уул уурхайн олборлох үйлдвэр юм. Нийт 1700 шахам аж ахуйн нэгжид 34.0 мянган хүн ажиллаж жилдээ 1.0 триллион төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс 90 орчим хувийг нь жилдээ 25.0 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр дангаараа гаргадаг. Үлдсэн 10 орчим хувь нь цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрт ногдож байна.

Эх сурвалж: http://erdenet.mn

Categories
mountain

Өвөрхангай

Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг аймаг болгон анх байгуулагдсан түүхтэй. 1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, 1942 оноос одоогийн Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэсант сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ. Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянган гаруй өрх, 112 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 7 мянган гаруй өрх, 27 мянган хүн оршин суудаг.

Газар зүй

Аймгийн нийт нутаг хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог.

Ургамал, амьтан

Аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон хөрс, зүүн хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, өмнө захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт хангайн их хөвч, тайга, зүүн хэсгээр хээрийн бүсийн, өмнө хэсгээр говийн ургамал тархжээ. Энэ аймгийн нутагт ой, тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдарна. Хангайд буга, бор гөрөөс, тал хээрт үнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бөгөөд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг.

Онцлог газрууд

Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт Орхоны улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Баруун, Зүүн хайрхан, Дөлгөөн, Батхаан, Ханхөгшин, Зүүн богд Ханбаян, Хангайн овоо, Авзага, Хонгор хайрхан зэрэг хийморь түшсэн уул нурууд, хишиг буянтай рашаан ус, ой мод, эрдэнэт сүрэг багширсан гурван бүсийн тэгш сайхан нутаг, эртний түүхт Хархорум, Монголын төв цэг, Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур, номын бясалгалт газар Төвхөн хийд зэрэг нутгийн гоо үзэсгэлэнт байгаль олонтой билээ.

Эх сурвалж: http://uvurkhangai.mn

Categories
mountain

Хөвсгөл

Хөвсгөл аймаг 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр 107.2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 17431 өрхтэй, 69206 хүн амтай, 1.2 сая гаруй толгой малтай байгуулагдсан Монгол улсын ууган аймгуудын нэг. Хүн амын олонх нь Хотгойдууд бөгөөд Халх, Буриад, Дархад, Урианхай, Уйгар зэрэг олон ястны өлгий нутаг юм.

Газарзүй

Хөвсгөл нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улстай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 779 км зайтай.

Уур амьсгал

Хар мод, хуш, нарс, гацуур, жодоо, хус, улиас, улиангар хайлаас бургас зэрэг мод элбэг ургадаг. 2100 гаруй зүйлийн гуурст ургамал ургадаг бөгөөд 200 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй нь гоёл чимэглэлийн ургамал байна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө 20-40 хэм хүйтэрч, зундаа 30 хэм хүртэл халуун болно. Хөвсгөл аймаг улсын хэмжээнд гадаргын усны нөөцөөрөө тэргүүлдэг. Усны тооллогоор гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон байна. Хангай, Хөвсгөлийн нурууны усны хагалбараас эх авсан Идэр, Тэс, Буянт, Той, Хөнжил, Харцат, Салбарт, Бөгдгөөн, Агар, Шавар, Эг, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Үүр, Уйлган, Ариг, Гуна, Хөг, Шарга, Шишгэд, Тэнгис, Хороо, Ханх голууд, Хөвсгөл далай, Сангийн далай, Зүүн нуур, Жугнай, Гандан нуур зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин баялаг нөөцтэй. Хөвсгөлийн их тайга, ой хөвч, гол мөрөн, нууруудад ан амьтан араатан жигүүртэн, загас жараахай нутагшин байрших таатай орчин нь болдог. Эдгээрт 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоёр нутагтан, хэвлээр явагч байдаг юм.

Онцлог газрууд

Тус аймаг дахь мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.

Араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцар хэмээн нэрлэдэг

Эх сурвалж: http://khovsgol.gov.mn