Categories
news

“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2020 “-ийг танилцуулж байна

2020 онд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн 10 жилийн ой тохиосон билээ. Энэ 10 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймгийн хөгжлийг харьцуулан үнэлж цогц байдлаар тодорхойлсон тайланг 9 дэхь жилдээ бэлтгэн танилцуулж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлсон байдаг тул бодлого боловсруулагчдын хувьд аймгуудын өнөөгийн хөгжлийн түвшин, нөхцөл байдал, анхаарбал зохих асуудлыг бодитоор харж, орон нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн илүү үр ашигтай шийдвэр гаргахад тус болохуйц мэдээллийн эх үүсвэр, гарын авлага байх юм.

Онцлох нь

2020 оны Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2020 оны 7-р сард танилцуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2019” буюу цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгдээс 2020 оны 9-р сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан гүйцэтгэлээ.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ

Тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг өмнөх оны адил тэргүүлсэн хэвээр байна. Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь аймгууд 2, 3, 4-рт эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Өрсөлдөх чадварын өөрчлөлт

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 5 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос харахад засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн оноо буурсан бол эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн үр ашиг бүлгийн оноо өссөн байна. Монгол Улсын 21 аймгийн 7 аймаг нь өрсөлдөх чадвараа сайжруулж, 13 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурсан байна.

Оноо сайжирсан аймгууд:

  • Архангай
  • Баян-Өлгий
  • Говьсүмбэр
  • Өвөрхангай
  • Сэлэнгэ
  • Увс
  • Ховд

Оноо буурсан аймгууд:

  • Баянхонгор
  • Булган
  • Говь-Алтай
  • Дархан-Уул
  • Дорноговь
  • Дорнод
  • Дундговь
  • Завхан
  • Өмнөговь
  • Сүхбаатар
  • Төв
  • Хөвсгөл
  • Хэнтий

Баруун бүсийн Ховд, Увс аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол тус бүсийн Говь-Алтай, Завхан аймгууд болон Төв аймгийн оноо хамгийн их буурав. Ховд, Увс аймгуудын өрсөлдөх чадвар сайжрахад бизнесийн үр ашиг, дэд бүтэц сайжирсан нь илүүтэйгээр нөлөөлөв. Завхан аймгийн дэд бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд, Төв аймгийн засаглал, технологийн дэд бүтцийн үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн засаглал, эдийн засгийн үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлжээ.

Categories
news

“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2019 ” хэвлэгдэн гарлаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 8 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр танилцуулж байна.

Судалгааг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялгийн иж бүрэн санаачлага хөтөлбөр болон Азийн сангийн зүгээс жил тутам дэмжин, хамтран ажилласаар ирсэн.

Энэ хугацаанд,

  • -Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна.
  • -Хамгийн тогтвортой байгаа бүлэг нь дэд бүтэц бөгөөд өсөх хандлагатай байна.
  • -Харин эсрэгээрээ хамгийн тогтворгүй онооны хувьд өөрчлөлтүүд их байдаг бүлэг нь засаглалын үр ашиг бүлэг байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2019

Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Харин удаах байруудад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймгууд оржээ. Харин сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлжээ.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад Дорноговь, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадварын оноогоо 10 болон 3 аар тус тус нэмэгдүүлжээ. Дархан-Уул аймаг өнгөрсөн жил 2-рт байсан бол өнөө жил 4-рт эрэмбэлэгдсэн. Үүнд, Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашгийн үзүүлэлтүүдийн оноо буурсан нь нөлөөлжээ.

Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилээс 2 оноогоор буурсан. Аймгуудын дундаж онооноос харахад эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг бүлгүүдийн оноо буурсан бол дэд бүтэц бүлгийн оноо өссөн байна.

Энэ жилийн үр дүнг нэгтгэн харвал Монгол Улсын 21 аймгийн 8 аймаг нь өрсөлдөх чадвараа сайжруулсан. Үүнд, Дорноговь, Архангай, Дорнод, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Ховд, Завхан аймгууд багтаж байна. Үлдсэн 12 аймгийн өрсөлдөх чадварын оноо буурсан байна. Эдгээрт Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгууд оржээ.

2019 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгуудаас дурдвал:

Өрсөлдөх чадвар сайжирсан аймгууд:

Дорноговь аймаг бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүд сайжирсан. Худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан, тохижилтын ажлууд хийгдсэн, гэмт хэрэг буурсан, түгээлтийн сүлжээ сайжирсан байна.

Ховд аймгийн хувьд засаглалын үр ашиг сайжирсан. Төсвийн тэнцэл, төсвийн удирдлага болон ил тод байдал сайжирсан нь нөлөөлжээ.

Дорнод аймагт дэд бүтэц сайжирсан. Үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц бүлгүүд сайжирсан байна. Үүнээс дурдвал, холбооны салбарын орлого нэмэгдсэн, компаниудын зохицох чадвар сайжирсан, бүтээн байгуулалт засвар үйлчилгээ нэмэгдсэн зэрэг байна.

Өрсөлдөх чадвар суларсан аймгууд:

Баян-Өлгий аймгийн хувьд дөрвөн бүлэг оноо буурсан. Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, шатахууны үнэ өссөн, төр хувийн хэвшлийн түншлэл муудсан, тендер, авлига хээл хахууль нэмэгдсэн.

Төв аймгийн эдийн засаг, засаглал, дэд бүтэц илүүтэйгээр буурсан. Дулаан, халаалтын үнэ нэмэгдсэн, аж үйлдвэр барилгын салбарын хөгжил болон эдийн засгийн төрөлжилт муудсан.

Сэлэнгэ аймгийн хувьд эдийн засаг, засаглал, бизнесийн үр ашиг муудсан. Төсвийн тэнцэл, барилгын ажил буурсан, аж үйлдвэрийн салбарын борлуулалтын ДНБ-д эзлэх хувь буурсан, амьдралын чанар муудсан зэрэг нөлөөлжээ.

Тайланг худалдан авахыг хүсвэл Интер ном, Аз хур, Мажестик номын дэлгүүрүүд эсвэл ЭЗБӨЧСТ-ийн байраас хэвлэмэл байдлаар авч болно. Мөн та www.ecrc.mn сайтаас тайланг татан авах боломжтой.

Categories
news

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018 хэвлэгдэн гарлаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр танилцуулж байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэхүндсэн дөрвөн бүлгийн статистикмэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.

Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн хэвээр байна. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ.

2018 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгууд:

Хамгийн их ахиц гарсан аймгууд: Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай

Хамгийн их буурсан аймгууд: Булган, Архангай, Хөвсгөл

Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн онооноос харахад 21 аймгаас 17 аймгийнх нь оноо өнгөрсөн жилээс өссөн бол 4 аймгийн оноо буурсан байна. Харин дэд бүтэц бүлэгт 13 аймгийн оноо буурсан байна. Энэ нь эдийн засаг ерөнхийдөө сайжирч байгаа хэдий ч дэд бүтцийн салбарт аймгуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хангалттай хийгдээгүй гэж хэлж болохоор байна.

Аймгуудын дундаж онооны хувьд өнгөрсөн жилийн тайланд дэд бүтцийн оноо сайжирч бусад гурван бүлгийн оноо буурч байсан бол энэ жил эсрэгээрээ дэд бүтцийн оноо буурч үлдсэн гурван бүлгийн оноо дунджаар өссөн байна.

Categories
news

“Монголын эдийн засгийн чуулган 2016” болов

Энэ жилийн Монголын эдийн засгийн чуулган “Сургамж, Сорилт, Шийдэл” уриан дор Төрийн ордонд 2016 оны 3-р сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, болон Монгол Улсын Ерөнхийлөгч нар чуулганыг нээн эхлүүлсэн бол УИХ-ын дарга хаан үг хэлснээр өндөрлөв. Чуулганы үеэр гурван нэгдсэн хуралдаан, зургаан салбар хуралдаан болж олон чухал асуудлыг авч хөндсөнөөс “Монгол мөрөөдөл”, ”Ногоон бизнес”, “Инноваци” зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцэв.

Тус чуулганы үеэр төвийн баг хамт олон өөрсдийн булан хэсгээр дамжуулж “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа 2015”-г анхлан танилцуулж, түүнчлэн www.aimagindex.mn цахим хуудасны мэдээллийг давхар хүргэсэн.

Categories
news

“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан – 2015” монгол хэл дээр хэвлэгдэн гарлаа

Categories
news

“ЗҮҮН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2015-Хөгжлийн төлөөх түншлэл”

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан ХБНГУ-ын Конрад Аденауэр сантай хамтран 10-р сарын 8-9-ны өдрүүдэд “ЗҮҮН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН-2015”-ыг “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ” уриан дор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгууллаа. Тус өдрүүдэд зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн бизнес эрхлэгч, удирдлагууд болон хөрөнгө оруулагч гадаад, дотоодын байгууллагууд нэг дор цугларав. Чуулганд 150 орчим оролцогчид 2 өдрийн турш зүүн бүсийн өрсөлдөх чадварт тулгуурласан хөгжлийн тулгуур салбаруудын талаар хэлэлцэв. Хэлэлцүүлэгт аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл зэрэг сэдвүүдээр илтгэл явагдаж салбар хуралдаан өрнөв.

Чуулганы үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдийн оролцсон үзэсгэлэн худалдааболж Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын төлөөллөөс өөрсдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ танилцуулав.

Categories
news

2015 оны 10-р сард “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган – 2015” зохиогдох гэж байна

Categories
news

“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2015”-Д ОРОЛЦОВ

Жил бүр зохиогддог “Монголын эдийн засгийн чуулган-2015” энэ жил зургаа дахь удаагаа 4-р сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү хоёр өдрийн турш бодлого, шийдвэр гаргагчид тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөл, дипломат төлөөлөгч, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид “Итгэлцэл” гэсэн уриан дор чуулав.Чуулганы эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж чуулганыг эхлүүлсэн. Тус өдөр Монгол Улсын макро эдийн засгийн орчин, институцийн засаглал, төрийн хяналт-шалгалт түүний эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан нэгдсэн болон салбар хуралдаанууд болов. Чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлэв. Энэ өдөр өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил, хөгжлийн стратеги бодлого, зээлжих зэрэглэл, эдийн засгийн түншлэл гэх зэрэг чухал сэдвүүдийг хөндөж ярилцав.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил” салбар хуралдааныг зохион байгуулж мөн аймгуудын өрсөлдөх чадварын тайлан болон аймгуудын өрсөлдөх чадварын шинэ цахим хуудас www.aimagindex.mn –ийг булан гаргаж танилцууллаа.

Categories
news

Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган-2014 он

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнг хэрхэн ашиглах, аймгуудын өрсөлдөх чадварыг цаашид хэрхэн сайжруулах талаар хэлэлцэхээр “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг 2014 оны 10 сарын 8, 9-ний өдрүүдэд Конрад-Аденауэр сангийн дэмжлэгтэй зохион байгууллаа. Чуулганд 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон МҮХАҮТ-ын аймгууд дахь салбар танхимын дарга нар нийт 60 гаруй шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцов.

Тус чуулганыг нээж ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан өрсөлдөх чадварын судалгааны тайлан нь монголдоо хамгийн үнэн бодит, хараат бус боловсруулагдсан тайлан гэдгийг онцлоод бүс нутгийн өрсөлдөх чадварт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх арга замуудыг хамтран хэлэлцэхийг уриаллаа. Аймгуудын өрсөлдөх чадварын гол зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршино. Аймаг тус бүрийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тодорхойлж, өрсөлдөх чадварын давуу болон сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм.

Энэхүү хуралд ХБНГУ-ын нэрт эдийн засагч, профессор Ханс-Римберт Хеммер бүсчилсэн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах үйл явцын төвлөрлийг сааруулах чиглэлээр ХБНГУ-ын туршлагаас хуваалцав.

Аймгуудын өрсөлдөх чадварын чуулган нь анх удаа зохион байгуулагдаж байгаа нь хөгжлийн бодлого, стратегиа төлөвлөх, үнэлэх боломжийг олгож байгаа төдийгүй орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хөгжлийн бодлого, хамтын ажиллагаагаа уялдаатай төлөвлөх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо. Хурлын үеэр бүсчилсэн хэлэлцүүлгүүд явагдсан бөгөөд хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн боловсруулж товхимол гаргасан.

Categories
news

“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан – 2014” хэвлэгдэн гарлаа

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайлан”-г 2012 оноос хойш 3 дахь жилдээ гаргаад байна. Жил тутмын энэхүү судалгааны тайлангаас аймаг бүрийн давуу болон сул талыг харьцуулж болохын зэрэгцээ хамгийн ахицтай яваа үзүүлэлтүүдэд тулгуурлан өрсөлдөх чадварын дархлаагаа нэмэгдүүлэхэд чиглэсэн хөгжлийн страгтеги боловсруулан ашиглах боломжтой.