Categories
central

Говьсүмбэр

Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан. Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог.

Газар зүй

Хойд талаараа Төв аймгийн Баянжаргалан, Баянцагаан, Баян сумдтай, зүүн ба зүүн хойд хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан сумдтай, баруун болон баруун өмнөд хэсгээрээ Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдтай тус тус хиллэдэг.

Уур амьсгал

Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд зундаа 37°С, өвөл -37°С байдаг.

Онцлог газрууд

Аймгийн ард түмний шүтээн Чойрын богд уул. Зүүн жанжин Чойрын хийд нь энэ ууланд оршдог бөгөөд бурхан шашны олон дурсгалт зүйлүүд байдаг. Говьсүмбэр аймаг нь нүүрс, тоосгоны шавар, эрдэс будаг, хайлуур жонш, шохойн болон бал чулууны байгалийн баялаг нөөцтэй аймаг.

Эх сурвалж: http://www.govisumber.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki
Categories
central

Дархан-Уул

Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг тухайн үеийн Давхрын төмөр замын өртөө, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэн 1961 оны 10-р сарын 17-ны өдөр тавьсан юм. УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн. Тус хот нь хуучнаар эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн гишүүн орнууд болох Зөвлөлт Холбоот улс, Болгар, Польш, Унгар, Чехословак, Герман зэрэг улсуудын техник, эдийн засгийн хамтын ажиллагааны тусламжтайгаар байгуулагдсан. Аймгийн төв Дархан хот нь Монгол Улсын томоохон аж үйлдвэрийн төв юм. Нийт 91093 хүн амтай, үүнээс 74526 хүн Дархан хотод амьдардаг.

Газар зүй

Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327,5 мянган га газар нутагтай. Тус аймгийн газар нутгийн хэмжээ бага боловч алт, шохойн чулуу, нүүрс, барилгын материалын төрөл бүрийн түүхий эд, байгалийн баялгийн нөөц ихтэй. Далайн түвшнээс 707 м өндөрт өргөгдсөн харьцангуй нам дор газарт байрлана. Тус аймгийн нутгаар Хэнтийн нуруунаас эх авч Орхон голд цутгадаг Хараа, Зулзага, Шарын гол, Ерөө, Орхон, Хүйтний, Хавчуун зэрэг голууд урсдаг.

Уур амьсгал

Агаарын үнэмлэхүй их температур 7-р сард 42.6°С, үнэмлэхүй бага температур нь 1-р сард -43.7°С хүрдэг. Жилд дунджаар 310-320 мм хур тунадас ордгийн 85-90% нь буюу 284-290 мм тунадас нь дулааны улиралд унадаг.

Онцлог газрууд

Бурхантай толгой, Дүүжин гүүр, Морин хуур цогцолбор зэрэг шинэ үеийн бүтээлүүд гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж байна. Амарбаясгалант хийд үзэж, хотын музейг сонирхох зэргээр аялж болно.

Эх сурвалж:  http://www.darkhan.mn/

https://mn.wikipedia.org
Categories
central

Сэлэнгэ

1931 онд “Газар тариалангийн аймаг” нэртэйгээр байгуулагдаж, 1934 онд ард түмний хүсэлтээр Сэлэнгэ аймаг хэмээн нэрлэжээ. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино.

Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Сүхбаатар хот төмөр зам ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд хилийн байнгын чухал гарцын нэг юм.

Газар зүй

Сэлэнгэ аймаг Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон, Сэлэнгийн сав газарт оршдог. Нутгийн баруун хойд хэсгээр юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт гүний боржин тархжээ.

Ургамал, амьтан

Нутгийн уулархаг хэсгээр ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.

Онцлог газрууд

Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Их Алтат, Бугант, Толгойт) болон барилгын материалын баялаг бий. Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаантай. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.

Мэдээллийн эх сурвалж: http://selenge.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki

Categories
central

Төв

Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт хамаарч байснаа, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 2-р сарын 17-ны өдрийн 17-р тогтоолоор Төв аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн Богд хан уулын өвөр Зуунмодны амны сэрүүн дэнжид төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ. Нэг сарын дотор хэдхэн машин, 800 гаруй ердийн хөсгөөр гүйцэтгэсэн их нүүдлээр 1942 оны 3-р сарын 13-ны өдөр ирж хэдэн эсгий гэр барьж одоогийн төв, урьд Манзушир хутагтын зуны өргөө байсан сэрүүн дэнжид ийнхүү суурьшин төвлөрчээ. Нийт 85,300 хүн амтай. Аймгийн төв нь Зуунмод хот. Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай.

Газар зүй

Төв аймагт далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэрийнх нь 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Ургамал, амьтан

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Онцлог газрууд

Төв аймгийн Баян сумын нутагт байдаг Хангайн булгийн хүн чулуу, Хүүхэн Хонгорын хүн чулуу, Баянцагаан сумын нутагт байдаг Тогосын өвөр дэх булш /Хүннүгийн үеийн булш/, Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун эрэгт Цагаан арал гэдэг газар орших Гуа дов /эртний хотын туурь/ гэх мэт түүхэн дурсгалт газруудтай бөгөөд Ар, Өвөр жанчивлангийн рашаан сувилалтай.

Мэдээллийн эх сурвалжууд: http://tov.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki/Төв_(аймаг)