Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна. Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 66 багтай, 75 мянган кв км нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 4.5%-ийг эзэлдэг. Аймгийн төв болох Мандал говь нь Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг.
Газар зүй
Аймаг нь Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг. Нийт газар нутаг нь тал хээр, говийн бүсэд багтдаг. Хамгийн өндөр “Дэлгэрхангай” уул далайн түвшнээс дээш 1913 м өндөр өргөгдсөн бол хамгийн нам цэг нь д.т.д 980 м өндөр. Нутгийн төв, хойд хэсгээр ухаа толгод нам уулсын /хүрэн, цайвар хүрэн, цөлөрхөг хээрийн бор/ хөрс, нутгийн төв, өмнөд хэсгээр тал хөндийн /цөлөрхөг хээрийн 20 төрлийн хөрс/ хөрс тархсан байдаг. Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ.
Уур амьсгал
Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг бөгөөд Монголын хамгийн их салхитай нутаг юм.
Ургамал, амьтан
Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.
Онцлог газрууд
Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.
Эх сурвалж: http://www.dundgovi.gov.mn