Categories
gobi

Дорноговь

1931 онд байгуулагдсан тус аймагт 2013 оны эцсийн байдлаар 18 мянган өрхийн 62500 хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 60.6 хувь нь аймгийн төвд, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Аймгийн төв Сайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км.

Газар зүй

Дорноговь аймаг нь Монголын зүүн өмнөд хэсгийн талархаг гадаргатай хэсэгт оршдог ч Хутаг уул (1431м), Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м) зэрэг уулс бий. Нутгийн дундуур зүүн хойшоо баруун урагшаа их хотгор газар үргэлжилнэ. Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Дорноговь аймаг нь БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42.8 хувь, хүн амын 54.8 хувь нь оршин суудаг. Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаарагддаг, говь хээр хосолсон нутагтай.

Уур амьсгал

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41°С хүртэл халж, өвлийн улиралд -40°С хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4.2-4.6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиосон, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдсаж байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Ургамал, амьтан

Говийн ургамал ургана. Хар сүүлт, хулан, янгир, аргаль зэрэг ховор ан амьтан элбэг.

Онцлог газрууд

Дорноговь аймгийн нутагт том гол мөрөн, нуур байхгүй, харин газар доорхи усны их нөөц бий. Оцол, Сансар, Их Багадулаан, Аргалант, Хан Баянзүрх хайрхан (1031м), Хар уул зэрэг уул бий. Халзан уул, Толь булгийн зэрэг рашаан устай. Хамрын хийд, Энергийн төв зэрэг аялал жуулчлалын газруудтай.

Эх сурвалж: http://dornogovi.gov.mn

https://mn.wikipedia.org/wiki

Leave a Reply

Your email address will not be published.