Categories
mountain

Өвөрхангай

Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг аймаг болгон анх байгуулагдсан түүхтэй. 1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, 1942 оноос одоогийн Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэсант сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ. Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянган гаруй өрх, 112 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 7 мянган гаруй өрх, 27 мянган хүн оршин суудаг.

Газар зүй

Аймгийн нийт нутаг хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог.

Ургамал, амьтан

Аймгийн нутгийн хойд хэсэгт уулын хар шороон хөрс, зүүн хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, өмнө захаар нь говийн саарал хөрс, элсэнцэр хөрс тархжээ. Нутгийн хойд хэсэгт хангайн их хөвч, тайга, зүүн хэсгээр хээрийн бүсийн, өмнө хэсгээр говийн ургамал тархжээ. Энэ аймгийн нутагт ой, тайгаас эхлээд говийн ховор амьтад амьдарна. Хангайд буга, бор гөрөөс, тал хээрт үнэг, чоно, хярс, мануул, говьд аргаль, янгир, цагаан зээр, хар сүүлт, хойлог зэрэг ан амьтан элбэгтэй бөгөөд дэлхийн улаан номонд бичигдсэн дархан цаазат хулан, ирвэс ч байдаг.

Онцлог газрууд

Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт Орхоны улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Баруун, Зүүн хайрхан, Дөлгөөн, Батхаан, Ханхөгшин, Зүүн богд Ханбаян, Хангайн овоо, Авзага, Хонгор хайрхан зэрэг хийморь түшсэн уул нурууд, хишиг буянтай рашаан ус, ой мод, эрдэнэт сүрэг багширсан гурван бүсийн тэгш сайхан нутаг, эртний түүхт Хархорум, Монголын төв цэг, Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур, номын бясалгалт газар Төвхөн хийд зэрэг нутгийн гоо үзэсгэлэнт байгаль олонтой билээ.

Эх сурвалж: http://uvurkhangai.mn

Leave a Reply

Your email address will not be published.