Хөвсгөл аймаг 1931 онд Улсын бага хурлын шийдвэрээр 107.2 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 24 сум, 17431 өрхтэй, 69206 хүн амтай, 1.2 сая гаруй толгой малтай байгуулагдсан Монгол улсын ууган аймгуудын нэг. Хүн амын олонх нь Хотгойдууд бөгөөд Халх, Буриад, Дархад, Урианхай, Уйгар зэрэг олон ястны өлгий нутаг юм.
Газарзүй
Хөвсгөл нь хойд, өмнөд талаараа өндөр сарьдаг уулс хөвч тайгатай, баруун зүүн хэсгээрээ бэсрэг уулсын тэгш өндөрлөг тал хөндийтэй, далайн түвшнээс дээш 1500-3000 метрийн өндөрт оршино. Булган, Архангай, Завхан аймагтай хиллэх ба улсын хилээр зааглагдаж Орос улстай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 779 км зайтай.
Уур амьсгал
Хар мод, хуш, нарс, гацуур, жодоо, хус, улиас, улиангар хайлаас бургас зэрэг мод элбэг ургадаг. 2100 гаруй зүйлийн гуурст ургамал ургадаг бөгөөд 200 гаруй нь эмийн, 500 гаруй нь тэжээлийн, 10 гаруй нь хүнсний, 4 нь техникийн, 300 гаруй нь гоёл чимэглэлийн ургамал байна. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Өвөлдөө 20-40 хэм хүйтэрч, зундаа 30 хэм хүртэл халуун болно. Хөвсгөл аймаг улсын хэмжээнд гадаргын усны нөөцөөрөө тэргүүлдэг. Усны тооллогоор гол горхи 761, булаг шанд 803, рашаан ус 50, нуур тойром 370 тоологдсон байна. Хангай, Хөвсгөлийн нурууны усны хагалбараас эх авсан Идэр, Тэс, Буянт, Той, Хөнжил, Харцат, Салбарт, Бөгдгөөн, Агар, Шавар, Эг, Бэлтэс, Дэлгэрмөрөн, Үүр, Уйлган, Ариг, Гуна, Хөг, Шарга, Шишгэд, Тэнгис, Хороо, Ханх голууд, Хөвсгөл далай, Сангийн далай, Зүүн нуур, Жугнай, Гандан нуур зэрэг хүн малын ундаа болсон цэнгэг усны арвин баялаг нөөцтэй. Хөвсгөлийн их тайга, ой хөвч, гол мөрөн, нууруудад ан амьтан араатан жигүүртэн, загас жараахай нутагшин байрших таатай орчин нь болдог. Эдгээрт 66 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн загас, 244 зүйлийн шувуу, 4 зүйлийн хоёр нутагтан, хэвлээр явагч байдаг юм.
Онцлог газрууд
Тус аймаг дахь мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.
Араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцар хэмээн нэрлэдэг
Эх сурвалж: http://khovsgol.gov.mn