Говь-Алтай аймаг нь Монголын эзэнт гүрний үеэс түүх нь эхэлдэг бөгөөд засагт хан, Хантайшир уулын аймаг, дахин засаг хан аймаг болоход үндсэн бүрэлдэхүүн хэсэгт нь багтаж байсан бөгөөд 1940 онд улсын бага хурлын тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг болж одоогийн нутгийн хилийн цэсээр тогтоон байгуулагдсан түүхтэй. Аймгийн төв Алтай хот нь манай улсын хамгийн өндөрт оршдог аймгийн төв бөгөөд далайн түвшнээс дээш 2181м өндөрт оршдог.
Газар зүй
Говь-Алтай аймаг Монгол Улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км бөгөөд тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалтын хувьд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Аймгийн газрын гадаргуугийн хамгийн өндөр цэг Сутай хайрхан уул д.т.д 4090 метр, хамгийн нам цэг Цэнхэр номингийн говийн Загт их сайр д.т.д 802 метр өндөр юм.
Ургамал, амьтан
Монгол Улсын нутаг дэвсгэрт тархан байршсан 29 зүйлийн амьтнаас Говь-Алтай аймагт тахь, хулан, хавтгай, аргаль, янгир, бөхөн, хар сүүлт, буга зэрэг 8 зүйлийн гөрөөс, мазаалай, ирвэс, булга, суусар, халиу зэрэг 5 зүйлийн араатан, хун, гургуул, хотон, хойлог, ёл, тас, сар, ууль, бигбаатар, шар шувуу, тоншуул зэрэг зүйлийн жигүүртэн байдаг. Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонх нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс луу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.
Онцлог газрууд
Чулуун нүүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий. Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Мөн “Ээж хайрхан” уулын байгалийн дурсгалт газар, төрийн тахилгат Сутай хайрхан, Гэгээн нуур, харандаан хад зэрэг үзэсгэлэнт газруудтай.
Эх сурвалж: http://www.govi-altai.gov.mn/index