Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр танилцуулж байна.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэхүндсэн дөрвөн бүлгийн статистикмэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулдаг.
Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн хэвээр байна. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ.
2018 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгууд:
Хамгийн их ахиц гарсан аймгууд: Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай
Хамгийн их буурсан аймгууд: Булган, Архангай, Хөвсгөл
Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн онооноос харахад 21 аймгаас 17 аймгийнх нь оноо өнгөрсөн жилээс өссөн бол 4 аймгийн оноо буурсан байна. Харин дэд бүтэц бүлэгт 13 аймгийн оноо буурсан байна. Энэ нь эдийн засаг ерөнхийдөө сайжирч байгаа хэдий ч дэд бүтцийн салбарт аймгуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хангалттай хийгдээгүй гэж хэлж болохоор байна.
Аймгуудын дундаж онооны хувьд өнгөрсөн жилийн тайланд дэд бүтцийн оноо сайжирч бусад гурван бүлгийн оноо буурч байсан бол энэ жил эсрэгээрээ дэд бүтцийн оноо буурч үлдсэн гурван бүлгийн оноо дунджаар өссөн байна.