Categories
news

Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган-2014 он

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнг хэрхэн ашиглах, аймгуудын өрсөлдөх чадварыг цаашид хэрхэн сайжруулах талаар хэлэлцэхээр…

Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнг хэрхэн ашиглах, аймгуудын өрсөлдөх чадварыг цаашид хэрхэн сайжруулах талаар хэлэлцэхээр “Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган”-ыг 2014 оны 10 сарын 8, 9-ний өдрүүдэд Конрад-Аденауэр сангийн дэмжлэгтэй зохион байгууллаа. Чуулганд 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон МҮХАҮТ-ын аймгууд дахь салбар танхимын дарга нар нийт 60 гаруй шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцов.

Тус чуулганыг нээж ЭЗБӨЧСТ-ийн Удирдах зөвлөлийн тэргүүн П.Цагаан өрсөлдөх чадварын судалгааны тайлан нь монголдоо хамгийн үнэн бодит, хараат бус боловсруулагдсан тайлан гэдгийг онцлоод бүс нутгийн өрсөлдөх чадварт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон шийдвэрлэх арга замуудыг хамтран хэлэлцэхийг уриаллаа. Аймгуудын өрсөлдөх чадварын гол зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршино. Аймаг тус бүрийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буй үзүүлэлтүүдийг тодорхойлж, өрсөлдөх чадварын давуу болон сул талыг үнэлэх боломж олгож буй нь энэхүү судалгааны давуу тал юм.

Энэхүү хуралд ХБНГУ-ын нэрт эдийн засагч, профессор Ханс-Римберт Хеммер бүсчилсэн хөгжлийг дэмжих, шийдвэр гаргах үйл явцын төвлөрлийг сааруулах чиглэлээр ХБНГУ-ын туршлагаас хуваалцав.

Аймгуудын өрсөлдөх чадварын чуулган нь анх удаа зохион байгуулагдаж байгаа нь хөгжлийн бодлого, стратегиа төлөвлөх, үнэлэх боломжийг олгож байгаа төдийгүй орон нутгийн удирдлагууд бүсийн хэмжээнд хөгжлийн бодлого, хамтын ажиллагаагаа уялдаатай төлөвлөх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ боллоо. Хурлын үеэр бүсчилсэн хэлэлцүүлгүүд явагдсан бөгөөд хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн боловсруулж товхимол гаргасан.

Leave a Reply

Your email address will not be published.