Жил бүр эрхлэн гаргадаг “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-гийн үр дүнд тулгуурлан ЭЗБӨЧСТ-өөс санаачлан аймаг, бүсийн өрсөлдөх чадварыг аймгийн засаг захиргаа, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж ирсээр өдгөө 3 дахь жилдээ говийн бүсэд болж өнгөрлөө.
“Говийн бүсийн чуулган 2016 – Нэг Говь нэг зорилго” арга хэмжээг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс санаачлан ХБНГУ-ын Конрад- Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр 2016 оны 11-р сарын 3,4-ний өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгууллаа.
Тус чуулганаар говийн бүсийн аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэл болон нийгмийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд гурван аймгийн засаг дарга тус бүр өөрсдийн аймгийн тэргүүлэх салбарууд, хувийн хэвшлийг дэмжих бодлого ба хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулав. Мөн чуулганы үеэр гурван аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон үзэсгэлэн худалдаа болон МҮХАҮТ-ын нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдаж говийн бүсийн гурван аймгууд болох Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хотоос нийт 120 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.