Categories
west

Баян-Өлгий

Баян-Өлгий аймаг нь 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаар, далайн түвшнээс 1301-4374 метр өргөгдсөн бөгөөд мөнх цаст өндөр уулсаар хүрээлэгдсэн. Аймгийн төв нь Өлгий хот.

Газар зүй

Баян-Өлгий аймаг нь баруун талаараа Алтайн нурууны хяр дагаж БНХАУ-ын Шинжан-Уйгарын өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа Сийлхэмийн нуруу дагаж ОХУ-ын Алтайн БНУ-тай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг. Аймгийн газар нутаг нь далайн түвшнээс дээш 1301-4374 метр өргөгдсөн бөгөөд бүх нутаг дэвсгэрийн 95.3 хувь нь 1600 метрээс дээш өндөрт оршдог. Аймгийн нуруудын хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Алтай Таван Богд уулын “Хүйтэн оргил “(4374 метр) ба хамгийн нам цэг нь Баяннуур сумын төв (1301 метр) юм.

Уур амьсгал

Аймгийн нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцгийн хойт хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгалтай. Далайн түвшнээс их өндөрт оршдогоос сэрүүн уур амьсгалтай, хүрээлэн оршдог өндөр уулс гаднаас агаарын урсгалаар ирсэн чийгийг биедээ татдаг учир Алтайн нурууны өндөрлөг хэсэгт хур тундасны жилийн дундаж хэмжээ 400-500 мм-д хүрдэг байна. Өөрөөр хэлбэл говь, цөлийн нөлөөнд ихээхэн автагдсан, өндөр уулын өвөрмөц уур амьсгал, эмзэг экосистемтэй. Салхины жилийн дундаж хурд 4-9 м/секунд хүрдэг.

Ургамал, амьтан

Агь, таана, хөмүүл, шаваг, шарилж , ерхөг, хиаг, хазаар өвс, харгана, хялгана, бударгана зэрэг хээр, цөлөрхөг хээрийн өвс ургамал зонхилж, чийг илүүтэй уулын сүүдэр хажууд үхрийн нүдхадгүзээлзгэнэтошлой зэрэг зэрлэг жимсгэнэ ургадаг. Ой нь уулсын зөвхөн сүүдэр хажууг бүрхэн, өвөр хажуугаар хээрийн ургамал тархсан, уулархаг нутгаар алтан гагнуур, чихэр өвс, бамбай, башиг, чийгийн давирхай, таван салаа, нохойн хошуу зэрэг эмийн ургамал ургадаг боловч үйлдвэрлэлийн аргаар өргөн ашиглаагүй байна.

300 гаруй сээр нуруутан байгаагийн дотор 11 зүйлийн хэвлээр явагч, 8 зүйл загас бүртгэгдсэн байна. Дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс зэрэг амьтдаас гадна чоно, үнэг, суусар, тарвага ,туулай, үен зэрэг ан амьтад, харцага, ёл, бүргэд, сар, тоншуул, хун, хотон, хойлог, алтан гургалдай, галуу, нугас зэрэг жигүүртэн шувуудтай.

Онцлог газрууд

Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цаст сүрлэг өндөр уулс, уудам хөндий нутагтай. Тэр дундаа Ёлтын сав газар, Потанины мөсөн гол, Бага ойгорын цагаан салаагийн хадны сүг зураг, Бага түргэний хүрхрээ зэрэг нь байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм.

Эх сурвалж: http://www.bayan-olgii.gov.mn/pages/introduction

Categories
west

Говь-Алтай

Говь-Алтай аймаг нь Монголын эзэнт гүрний үеэс түүх нь эхэлдэг бөгөөд засагт хан, Хантайшир уулын аймаг, дахин засаг хан аймаг болоход үндсэн бүрэлдэхүүн хэсэгт нь багтаж байсан бөгөөд 1940 онд улсын бага хурлын тэргүүлэгчдийн 45 дугаар тогтоолоор Говь-Алтай аймаг болж одоогийн нутгийн хилийн цэсээр тогтоон байгуулагдсан түүхтэй. Аймгийн төв Алтай хот нь манай улсын хамгийн өндөрт оршдог аймгийн төв бөгөөд далайн түвшнээс дээш 2181м өндөрт оршдог.

Газар зүй

Говь-Алтай аймаг Монгол Улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршино. Аймгийн БНХАУ-тай хиллэдэг хилийн урт 360 км бөгөөд тэдгээр нь хилийн 128-171 дүгээр тэмдгээр тэмдэглэгджээ. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалтын хувьд Алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Аймгийн газрын гадаргуугийн хамгийн өндөр цэг Сутай хайрхан уул д.т.д 4090 метр, хамгийн нам цэг Цэнхэр номингийн говийн Загт их сайр д.т.д 802 метр өндөр юм.

Ургамал, амьтан

Монгол Улсын нутаг дэвсгэрт тархан байршсан 29 зүйлийн амьтнаас Говь-Алтай аймагт тахь, хулан, хавтгай, аргаль, янгир, бөхөн, хар сүүлт, буга зэрэг 8 зүйлийн гөрөөс, мазаалай, ирвэс, булга, суусар, халиу зэрэг 5 зүйлийн араатан, хун, гургуул, хотон, хойлог, ёл, тас, сар, ууль, бигбаатар, шар шувуу, тоншуул зэрэг зүйлийн жигүүртэн байдаг. Алтайн өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Алтайн өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Аймгийн нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Аймгийн хэмжээгээр 2 сая гаруй малтай бөгөөд малын олонх нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно. Говь-Алтай аймагт Хятад улс луу гарах Бургастайн хилийн боомт Алтай суманд бий.

Онцлог газрууд

Чулуун нүүрс (Зээгт), үнэт чулуу (Алтан худаг), барилгын материал зэрэг ашигт малтмал бий. Аймгийн нутгийн хойд захаар Завхан гол урсах бөгөөд Зүйл, Сагсай зэрэг адагтаа ширгэдэг гол горхи бий, Мөн Ихэс, Шарга, Тонхил зэрэг нуурууд бий. Хөнхөр зуслан, Улаанхайрхан, Аргалант зэрэг рашаан ус бий. Мөн “Ээж хайрхан” уулын байгалийн дурсгалт газар, төрийн тахилгат Сутай хайрхан, Гэгээн нуур, харандаан хад зэрэг үзэсгэлэнт газруудтай.

Эх сурвалж:  http://www.govi-altai.gov.mn/index

Categories
west

Завхан

1931 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарч байсан ч одоогийн Говь-Алтай аймагтай нэгтгэж салгасаар 1942 онд Гурвансайхан, Жаргалант уулын хошуунаас үүссэн Хөхморьт, Дэлгэр, Баян-Уул сумууд Завхан аймгийн харьяаллаас гаргаж шилжүүлэн өгчээ.

Газар зүй

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Аймгийн төв болох Улиастай хот нь Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.

Уур амьсгал

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж температур -20°С-ээс -30°С, Тосонцэнгэл суманд хамгийн хүйтэн хэм -53°С хүрч байв. 7-р сард 13-22°С, жилд өндөр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнх нутгаар 200-260 мм тундас унадаг.

Ургамал, амьтан

Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс, хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай, гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. Нэн ховор амьтан ургамал элбэгтэй.

Онцлог газрууд

Аймгийн Төв Улиастай хот нь Зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай, уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгийн голын өргөн хөндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг. Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба 189 гол горхи, 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Эх сурвалж: http://www.zavkhan.gov.mn

Categories
west

Увс

1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. Увс аймгийн төв нь Улаангом хот юм.

Газар зүй

Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог. 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1,267 км.  Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-тай хиллэдэг.  Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын түвшин, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4,250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм.  Далайн түвшнээс 2400-4126 м өндөр мөнх цаст сүрлэг уулс, 9200 ам дөрвөлжин км талбай бүхий элсэн манхантай.

Уур амьсгал

Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалтай. Зундаа 40-50°С хэм халж, өвөлдөө -40°С-с -50°С хэм хүртэл хүйтэрдэг, хүйтний улирлын үргэлжлэх хугацаа урт, цасан бүрхүүлтэй байх хоногийн тоо олон зэрэг цаг агаарын онцлогтой.

Ургамал, амьтан

Увс аймаг нь өндөр уул, ой тайга, өргөн тал, говь олон нуур, гол горхи зэрэг байгаль газарзүйн олон янзын онцлогт тохирсон төрөл бүрийн ургамал, ан амьтан элбэгтэй. 64 зүйлийн хөхтөн, 270 зүйлийн шувуу, 7 зүйлийн загас, 411 зүйлийн ургамалтай.

Аймгийн нутагт говь-хээрийн бүс зонхилсон өвс ургамал нөмрөгийн хувьд тачирдуу боловч төрөл зүйл олон, жимс жимсгэний ургамалтай. Хар мод, хус, хуш, нарс, улиас, бургас, улаан харгана, алтан харгана нутгийн ихэнхt хэсгээр тархсан. Зүүнговь, Сагил, Түргэн сумын нутгаар мөнх ногоон гацуур модтой. Увс нуурын эрэг орчим, Тэсийн голын адаг орчмоор улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харгана бүхий алаг өвст, үент, нугын бүлгэмдэл зонхилно. Алтангагнуур, вансэмбэрүү, алтан хундага, нохойн хошуу, тарваган шийр, халгай, таван салаа, хунчир зэрэг эмийн ургамалтай. Чацаргана, үхрийн нүд, гүзээлзгэнэ, тошлой, мойл, анис, зэдгэнэ зэрэг жимс жимсгэнэ ургадаг.

Хан Хөхий, Хархираа, Түргэний уулсаар буга, гахай, аргаль, янгир, ирвэс, шилүүс, хадны суусар, нохой зээх, хээр тал зарим голын хөндий уулархаг нутгаар чоно, үнэг, дорго, тарвага зэрэг зэрлэг ан амьтан амьдардаг. Нууруудад хун, нугас, хотон зэрэг усны шувууд, уул талаар хойлог, тоодог, тас, бүргэд, ёл, Ховд, Бөхмөрөний голд алтан гургалдай зэрэг төрөл бүрийн жигүүртэн шувуудтай. Тэс, Нарийн голын сав нь хүйтэн цуст амьтад амьдардаггүй бүсэд хамаарна. Бөөрөг дэлийн элсний районд хээрийн бүлгэмдэл тархсан. Хонин гүрвэл, говийн гүрвэл, могой гүрвэл, бамбай хоншоорт могой зэрэг мөлхөгчидтэй. Ан агнуурын амьтдаас хярс, мануул, өмхий хүрэн, солонго элбэг бол агнуурын шувуудаас ногтруу, дагуурын ятуу элбэг тархсан.

Онцлог газрууд

Увс, Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг томоохон нуурууд, Тэс, Ховд, Хархираа, Түргэн, Хангилцаг, Туруун Завхан зэрэг том голууд нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэнг цогцлоон бүрдүүлнэ. Увс аймаг нь чацарганаараа дэлхийд алдартай. Тус аймаг нь олон ястны өлгий нутаг юм.

Увс аймаг нь байгалийн онгон төрхөө алдаагүй цөөн газруудын нэг. Геологийн судалгаа, эрэл хайгуул төдийлөн сайн хийгдээгүй. Гэхдээ байгалийн ашигт малтмалын илэрцээр алт, мөнгө, цагаан алт, зэс, нүүрс, жонш, ховор металл, төмөр, бал чулуу, гөлтгөнө, хужир, давс зэрэг эрдэс баялагтай.

Унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон ястны өвөрмөц ахуй, зан заншил, түүх соёлын дурсгалт газрууд олон байдаг тул аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой.

Эх сурвалж: http://www.uvs.gov.mn

Categories
west

Ховд

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан (Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ. Аймгийн төв Ховд хот Улаанбаатараас 1580 км-н зайд оршдог. Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна.

Газар зүй

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино. Ховд аймагт Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үеийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.

Уур амьсгал

Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40°C хүрч байхад өвөл -35°C хүрдэг. Уур амьсгал нь хуурай.

Ургамал, амьтан

Уур амьсгал нь хуурай, өндөр уул хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн, азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Онцлог газрууд

Ховд аймгийн нутгаар Ховд гол, Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог. Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.

Эх сурвалж:http://www.khovd.gov.mn