Тухайн аймгийн макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал, эдийн засгийн салбаруудын хөгжил, хүн амын амжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт зэрэг шалгуурыг хэмжиж гаргадаг үзүүлэлт юм.
Author: admin
Засаглалын үр ашиг гэж юу вэ?
Өрсөлдөх чадварыг дэмжих аймгийн удирдлагын бодлого шийдвэр, түүний цар хүрээг аймгийн төсөв, институцийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, нийгмийн тогтолцоо гэсэн дэд бүлгүүдийг хамардаг үндсэн үзүүлэлт юм.
Бизнесийн үр ашиг гэж юу вэ?
Аймгийн бизнесийн байгууллагуудын үр ашигтай, хариуцлагатай, шинэлэг үйл ажиллагаа явуулах чадамжийг судлахын тулд бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, санхүү, менежментийн хэвшилтэй холбоотой үзүүлэлтүүдээс бүрдэнэ.
Дэд бүтэц гэж юу вэ?
Аймгуудын дэд бүтэцтэй холбоотой технологи, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүрээлэн буй орчин зэргийг бүхэлд нь авч үзэх ерөнхий бүлэг хүчин зүйл юм.
Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэх нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 2/3 нь статистик мэдээлэл, 1/3 нь санал асуулгын мэдээлэл байна. Статистик мэдээллийн 25 хувь нь ерөнхий мэдээлэл байх ба өрсөлдөх чадварын индексийн тооцоололд ордоггүй, нэмэлт мэдээлэл өгөх зорилготой үзүүлэлтүүд юм.
Статистик мэдээлэл нь өрсөлдөх чадварыг тодорхой хугацаанд (өнгөрсөн нэг жилд гэх мэт) харьцуулж, хэмжиж харуулдаг ба өрсөлдөх чадвар ямар түвшинд байгааг илэрхийлдэг. Статистик мэдээллийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэл дээр голлон гаргадаг.
Санал асуулгыг хэрхэн авдаг вэ?
Удирдах ажилтны санал асуулгад 21 аймаг тус бүрт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөл, бизнесийн байгууллагын дунд болон дээд шатны удирдах ажилтнууд хамрагддаг. Ингэхдээ удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулдаг. Түүврийн хэмжээг аймаг бүрээс 2012, 2013 онд нийт 525 оролцогчтойгоор 2014 онд нийт 1050 оролцогчтойгоор авсан.
Судлагдаж буй аймгуудын талаарх бүх талын мэдлэг, мэдээлэлтэй хүмүүсийг нийслэл хотоос олноор олох боломжгүй юм. Тиймээс судалгааг тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг санал асуулгад хамруулдаг. Ингэснээр судалгааны үр дүн бодит байдалд илүү дөхөж очих боломжтой байдаг.
Тухайн аймгийн өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо аль нэг үзүүлэлтээс үүдэж буруу ойлгогдохоос сэргийлэхийн тулд олон тооны шалгуур үзүүлэлтийг ашигладаг.
Ийнхүү өрсөлдөх чадварыг нийт 180 орчим шалгуур үзүүлэлтийн дагуу тооцоолдог учраас аль нэг үзүүлэлт нь бүх үнэлгээний ерөнхий дүнд үзүүлэх нөлөө тун хязгаарлагдмал байдаг.
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж байна.