БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар хурлын тогтоолоор Жаргалант төвтэй Ховд аймгийг Алтай, Алтантээл, Манхан, Үенч, Булган, Цагаанбулан (Мянгад), Буянт, Эрдэнэбүрэн, Дарви, Чандмань, Хайрхан, Цэцэг, Мөнххайрхан гэсэн 13 сумтай байгуулжээ. Аймгийн төв Ховд хот Улаанбаатараас 1580 км-н зайд оршдог. Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна.
Газар зүй
Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино. Ховд аймагт Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үеийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.
Уур амьсгал
Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40°C хүрч байхад өвөл -35°C хүрдэг. Уур амьсгал нь хуурай.
Ургамал, амьтан
Уур амьсгал нь хуурай, өндөр уул хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн, азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.
Онцлог газрууд
Ховд аймгийн нутгаар Ховд гол, Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог. Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.
Эх сурвалж:http://www.khovd.gov.mn